top of page

Өөртөө сэтгэл санааны дэмжлэг хэрхэн үзүүлэх вэ?

(Эрчүүдэд зориулав)



Эрчүүд өөрийн сэтгэл санааны хүндрэл, айдас, санаа зовнилыг

ганцаараа тодорхойлоход хүндрэлтэй байдаг байна. Тиймээс нийгмийн дэмжлэг нь эрчүүдийн өөртөө итгэх итгэл, амьдралын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Хэрэв та бусдаас сэтгэл санааны дэмжлэг авах боломжгүй байвал өөртөө хэрхэн туслах боломжтойг мэдэж аваарай.





Сэтгэл санааны дэмжлэг гэж юу вэ?

Тулгарсан асуудлаа тодорхойлох шүүмжлэлгүй, айдасгүй нээлттэй орон зайг бүрдүүлэх, өөрт туслах аргуудыг тодорхойлох, ирээдүйн итгэл үнэмшлийг олж авах үйл явц нь өөрийн сэтгэл санаанд дэмжлэг үзүүлж буй хэрэг юм.


1. Таны сэтгэл өвдсөн байгааг ойлгох

Сэтгэл өвдсөн үед таны биеийн өвдөлттэй адил та эхлээд өөртөө анхаарал, халамж тавих шаардлагатай. Эхлээд өөрийн сэтгэлийг өвдсөн байгаа гэдгийг ойлгож хүлээж авах нь чухал байдаг. Таны сэтгэл өвдсөн үед та ганцаараа байхыг хүсэж болно, та уур бухимдлаа барьж чадахгүй мэт санагдаж болно, таны сайхан зан чанаруудыг хүмүүс олж харахгүй мэт санагдаж байж болно, та хүнд итгэх итгэлээ алдсан мэт санагдаж болно. Таны дотор төрж буй бодлууд, олон төрлийн мэдрэмжүүд таны сэтгэл өвдсөн байгаа учраас төрж байгаа гэдгийг та өөрөө эхлээд анзаарч, өвдсөн сэтгэлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

2. Сэтгэлээ эдгээхийн тулд өөртөө анхаарал хандуулж, эмчилгээний дэглэм баримтлах хэрэгтэй.

Ханиад хүрсэн үедээ өөрийн биед гамтай хандаж дэглэм барихгүй бол ханиад илүү их хүндэрдэг. Үүний адилаар таны сэтгэл өвдсөн үед та хэд хэдэн зүйлийг хатуу хориглон өөртөө чанга хатуу дэглэмтэй байж сэтгэлийн өвчлөлийг эдгээх боломжтой.

- Дутуу нойртой байхаас сэргийлэх

- Согтууруулах зүйлс хэрэглэхгүй байх

- Дарамттай харилцаанаас өөрийгөө холдуулах

- Айдас түгшүүрийг үүсгэж буй зүйлийг тодорхойлох, давтамжийг багасгах

- Ачаалал болох ажлуудыг нэмж авахгүй байх

- Өөрийн сул талыг хэтрүүлэн хүндрүүлж хүлээж авахгүй байх

- Бусадтай өөрийгөө харьцуулахаа зогсоох

- Танд сэтгэл санаагаа тогтвортой болгоход хугацаа орно гэдгийг ойлгох

3. Өөртэйгөө цагийг өнгөрөөх

Хүн бүр ганцаараа байхыг хүсдэггүй. Гэхдээ өөртэйгөө цагийг өнгөрөөхгүйгээр тулгарч буй асуудлаа тодорхойлох боломжгүй. 7 хоногт 1-2 цагийг өөртэйгөө ярилцаж өнгөрөөхийг санал болгож байна. Ингэхдээ дараах асуултуудад хариулж чадах хэсгүүддээ хариулт олоорой.

Тэмдэглэл бичих дэвтэр бэлдээрэй.

Санаа зовж байгаа асуудлуудаа жагсаан бичнэ.

Өөртөө туслахын тулд эхлээд асуудлаа тодорхойлох хэрэгтэй юм. Хэрвээ та хэн нэгнээс тусламж авахыг хүсвэл яг ямар асуудал дээр тусламж дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа өгүүлбэр болгон тодорхойлох нь чухал.

Таны санаа зовж буй асуудал танд ямар мэдрэмжүүдийг төрүүлдэг вэ?

Дараах асуултуудад хариулах: асуудал тулгарсан үеүдэд танд ямар санагддаг вэ? Ямар бодлууд зогсолтгүйгээр төрдөг вэ? Энэ үед ямар үйлдлүүдийг хийдэг вэ? Хамгийн чухал нь та өөрөө өөртөө юу гэж хэлдэг вэ? (Тодорхой нэг асуудал дээр төвлөрөн хариулж бичнэ.)

Таны сэтгэлд хамгийн их нөлөөлж байгаа зүйлс нь юу вэ?

Таны сэтгэлд хэний хэлсэн үгс, ямар үйл явдлууд, ямар ачаалал эсвэл дарамт, ямар орон зай хамгийн хүндээр нөлөөлдөг вэ? гэдгийг жагсаан бичиж болно. Хүний санаа зовнил нь олон сэтгэлийн хөдөлгөөн, үйл явдлуудын нийлмэл байдаг учраас задлах нь танд тусална.

Цаашдаа та юунаас айж байна вэ?

Та цаашдаа ямар үйлдлийг давтан хийсээр байна гэдгээсээ санаа зовж байна вэ? Өөрийн ямар хүслийг биелүүлж чадахгүй үлдэх вий гэдгээс айж байна вэ? Танд төрж буй ямар бодлууд тухгүй мэдрэмжийг төрүүлж байна вэ?

Та өөрт тулгарсан асуудлыг цаашдаа ямар байгаасай гэж хүсч байна вэ?

Цаашдаа та юуг өөр байгаасай гэж хүсч байна вэ? Түүний төлөө таны хийж чадах 1-2 үйлдэл нь юу байж болох вэ? Өөрөөсөө холдуулах шаардлагатай үйлдлүүд юу вэ? Жишээлбэл,

  • Өөрийгөө буруутгахаа болих

  • Бусдын үгэнд хэт итгэх

  • Уурлах хариу үйлдлээ багасгах

  • Ганцаардлаас айхгүй байх зэргээр өөрт хэрэгтэй үйлдлүүдийг тодорхойлж болно.

Та санаа зовнисон асуудлынхаа ард гарч чадна.

Таны сэтгэлийг эрүүл байлгахын төлөө таны тархи ажиллаж байгаа. Таныг эрүүл чийрэг эрч хүчтэй байлгах зорилгоор бие физиологи тань ажиллаж байгаа. Таныг дэмжих найзууд үргэлж байх болно. Танд итгэх хүмүүс мөн анзаарч харвал олон байгаа. Танд хэрэгтэй бүх зүйлс танд бий, тиймээс өөрийн асуудлаасаа айх хэрэггүй, харин ард нь гарах хэрэгтэй.



4. Шинэ ур чадваруудад суралцах цаг болжээ

Танд өмнө нь чаддаг байсан зүйлс таны сэтгэл санааны тогтвортой байдлыг урт хугацаанд хадгалахад хангалтгүй байж болох юм. Тиймээс өөртөө зориулан шинэ үйлдлүүдэд зориулан цаг гаргах болсон байна.

- Иог бясалгал хийх

- Зөв амьсгалж сурах

- Дасгал хөдөлгөөн хийхэд цаг хугацаагаа зориулах

- Өөрт таагүй санагддаг зүйлүүдэд “үгүй” гэж хэлж сурах

- Амарч сурах

- Өөрийгөө магтаж, хийж буй зүйлдээ сэтгэл ханамжтай байж сурах

- Өөрийн давуу талуудыг мэддэг байх, тэдгээрийг ашиглах

- Өдрийг ядрахгүйгээр өнгөрөөж сурах

- Агаар салхинд гарах

- Таатай мэдрэмж төрүүлдэг найз нөхөд, танил хүмүүстэйгээ зорьж уулзах

- Бусдаас тусламж гуйх шаардлагатай үедээ санаа зовохгүй асуух





Сэтгэл судлаач Ц. Дэлгэрмэнд

146 views0 comments
bottom of page