top of page

Эрэгтэй хүмүүст ч гэсэн гормон бий.

Яагаад эрэгтэй хүн шалтгаангүйгээр бухимддаг вэ?

Бичсэн: Др. Алекс Корб, UCLA Neuroscientist Орчуулсан: Ц.Дэлгэрмэнд


Жон Стейнбекийн зохиосон "Уур хилэнгийн усан үзэм" номонд тоост салхи тариалангийн газрыг хатааж, банкнууд тариаланчдын газрыг барьцаалж байх үеийг дүрслэн ийнхүү бичсэн байдаг.


"Эмэгтэйчүүд хүүхдүүдээ аван байшин руугаа хурдхан бөгөөд чимээгүйхэн буцан оров. Тэд ихэд гомдож төөрөгдсөн эрэгтэй хүн хайртай хүмүүстээ хүртэл уурлаж чадна гэдгийг мэдэж байсан юм."


Дээрх тайлбарыг би үргэлж ухаалаг ажиглалт гэж боддог байсан бөгөөд эрэгтэй хүний уур бухимдлын цаана биологийн шалтгаан байгааг олж мэдсэн юм. Энэ бүхэн гормонтой холбоотой. Эрчүүдийн дунд эмэгтэйчүүд дааврын нөлөөллөөр сэтгэлийн хөдөлгөөн дээр үндэслэн үйлдэл хийдэг талаарх яриа түгээмэл байдаг. Жишээлбэл; "Сарын тэмдэг нь ирээд бухимдаж байна" эсвэл "Дааврын нөлөөнд автсан" гэх зэргээр эрэгтэйчүүд ярьдаг. Гэхдээ эрэгтэйчүүдэд бас даавар бий. Эрэгтэй хүний ​​дааврын хэмжээ сар бүр өөрчлөгддөггүй ч тэдний дааврын тогтворгүй байдлыг урьдчилан таамаглах боломжтой байдаг.

Хамгийн сонирхолтой даавар бол тестостерон юм. Энэ даавар нь үндсэндээ эрэгтэй хүнийг илүү хүчирхэг, эрч хүчтэй болгодог ба үргэлж таатай мэдрэмжийг төрүүлдэг. Мөн бэлгийн дур хүслийг төрүүлдэг. Хүмүүс ихэвчлэн тестостерон нь түрэмгийллийг нэмэгдүүлдэг гэж боддог ч харин эсрэгээрээ байх нь түгээмэл. Түрэмгийлэл ихсэхэд тестостерон дааврыг нэмэгдүүлдэг. Хамгийн гол нь эрэгтэй хүний ​​​​тестостерон дааврын хэмжээ нь нийгмийн байр суурьнаас шууд хамаардаг. Үүнийг хялбараар ойлгоход Гориллагийн (болон бусад хүн биш сүүн тэжээлтнүүдийн) нийгмийг бүтцийг ажиглаж болдог. Тэд илүү энгийн нийгмийн бүтцийг бүтээсэн боловч мэдрэлийн үйл ажиллагаа нь үндсэндээ хүний тархины үйл ажиллагаатай ижил байдаг. Сүргийн тэргүүн Горилла нь хамгийн хүчирхэг нь байдаг. Хэрвээ бусад Горилла хамгийн хүчирхэг нь болохыг хүсвэл, зайлшгүй эхлээд тэргүүлэгч Гориллаг ялах хэрэгтэй. Залуу Горилла тэргүүлэгчийг ялбал залуу Гориллагийг тестостероны хэмжээ нэмэгдэж, харин ялагдсан Гориллагийн тестостерон буурдаг. Тиймээс нийгмийн дундах байр суурь нь тэргүүлэгч Гориллагийн тестостероны хэмжээг нэмэгдүүлэн, улмаар хамгийн хүчирхэг нь болгодог гэсэн үг юм. Хүний нийгмийн хувьд нийгмийн ялагдал нь ихэвчлэн тулаан тэмцлээс үүсдэггүй ч, ялагдлаас үүсэх тестостероны нөлөө ижил байдаг. Та магадгүй ажлаа алдаж эсвэл үе тэнгийнхнийхээ өмнө ичгүүрт байдалд орж болно. Та магадгүй компанийнхаа хөлбөмбөгийн тэмцээнд хожигдож болно эсвэл дуртай спортын баг чинь тэмцээндээ хожигдож болно. Эдгээр тохиолдлууд нь бүгд нийгмийн ялагдлын жишээ бөгөөд тухайн тохиолдолд бүрт таны тестостероны хэмжээ буурдаг. Харамсалтай нь, эрэгтэй хүний ​​тестостероны түвшин буурах үед тэдэнд тухгүй мэдрэмжүүд бий болдог. Хүч чадал багатай, эрч хүч багатай байдлыг мэдэрдэг. Цаашлаад энэ мэдрэмж нь бэлгийн дур хүслийг бууруулахад хүртэл нөлөөлдөг. Ихэнхдээ эрэгтэй хүн бүр энэ мэдрэмжийг мэддэг боловч гормоны өөрчлөлтөөс үүдэлтэй гэдгийг анзаарч ажигладаггүй. Энэ байдлыг даван гарах хялбар арга нь хэн нэгнийг давамгайлах гэдгийг мөн эрчүүд мэдэж байдаг. Давуу байдлыг бий болгох зорилгоор видео тоглоом тоглох, тулалдах, хашгирах, спортоор хичээллэх зэрэг нь тестостероны дааврын хэмжээг нэмэгдүүлж, таны сэтгэл санааг тогтворжуулахад тусалдаг. Спортоор хичээллэх нь бусадтай тулалдахаас илүү ул суурьтай, эрүүл арга гэдэг нь тодорхой юм.


Эрэгтэй хүний даавар өөрчлөгдөж буй үеүдэд тэднээс хүнээс ул суурьтай, бодож боловсруулсан шийдвэрийг шаардах нь хүндрэлтэй байж болох юм. Энэ нь эрчүүд ажлаа алдах эсвэл ичгүүрт байдалд орох бүртээ муухай зан ааш гаргаж болно гэсэн зөвшөөрөл биш юм. Харин илэрч буй үйлдэл болон бодлынх нь цаадах биологийн шалтгааныг тайлбарлахыг оролдлоо. Хэрэв та эмэгтэй хүн бөгөөд энэ нийтлэлийг уншсаныхаа дараа нь нөхөр эсвэл найз залуутайгаа муудалцахдаа "Чи зүгээр л ажлаасаа халагдсан учраас надад уураа гаргаж байна" эсвэл "Чи сагс тоглоод өөрөөсөө насаар дүү хүмүүст ялагдсандаа бухимдаж, хэтрүүлж хариу үйлдэл хийгээд байна" гэх зэргээр ашиглахгүй гэж найдаж байна. Ингэж хэлэх нь зөвхөн тэднийг илүү их бухимдуулахад хүргэнэ. Учир нь хүнд доромжлуулах нь нийгмийн ялагдлын нэг хэлбэр юм. Хүмүүс ихэнхдээ бусад хүмүүсийн даавраас үүдэн гаргаж буй үйлдлийг учир шалтгаангүй гэж хүлээж авдаг боловч өөрийн даавраас үүдэн гаргаж буй сэтгэл санааны өөрчлөлтийг бодит зүйл гэж хүлээж авдаг. Тиймээс өөртөө ханддаг шиг бусдад хандаж ойлгох нь чухал юм. Хэрэв та эрэгтэй хүн бол энэ нийтлэл танд сэтгэл хөдлөл хэрхэн ажилладаг талаар илүү сайн ойлголтыг өгч, өөрийн дааврын өөрчлөлтийг анзаарч, өөрийгөө илүү сайн ойлгоход тусална гэж итгэж байна. Нийтлэл: https://www.psychologytoday.com/intl/blog/prefrontal-nudity/201403/men-have-hormones-too

416 views0 comments
bottom of page