top of page

Түүх: ”Хорвоо надад л хатуу хандаж байгаа мэт гомдол маань амьдралын буруу хэвшлээс үүссэн байсан"





Хүүхэд ахуй цагаасаа авсан сэтгэлийн шархаасаа болж өсөж том болон ажлын байран дээр гарсан ч сэтгэл зүйн тогтворгүй байдалд орж, бүр цаашлаад сэтгэл гутралд орон амиа хорлох тухай бодож явсан нэгэн залуу бидэнд түүхээ хуваалцсан юм. Тэрээр өөрийгөө ялан дийлж, сэтгэл гутралаа эмчилж чадсан нэгэн. Тэрээр ийнхүү ярьж байна.



-Сэтгэл гутралд яагаад орсон талаар эхлээд ярьж өгөхгүй юү. Өөрийгөө яаж таньж мэдрэв?

-Монгол эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалъя, тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах асуудлын хүрээнд та бүхний гаргасан санаачилга бидний өдөр тутмын амьдралд маш хэрэгтэй зүйл. Гэвч хүмүүс төдийлөн мэддэггүй. Тиймээс би өөрийн амьдралын нэгэн түүхийг хуваалцахыг хүссэн юм. Би өнгөрсөн жил осолд орсны дараа хүний сэтгэл зүйн тогтвортой байдал амьдралд ямар их нөлөөтэй юм бэ гэдэг талаар дөнгөж ойлгож ухаарч эхэлж байна. Хэдийгээр 36 нас хүрч байгаа ч гэсэн орой боловч мэдэж авсандаа их баяртай байгаа.

Өмнө нь би орон нутагт хуваариар ажилладаг байлаа, 14 хоног ажиллаад амралтын 7 хоногоор гэртээ ирдэг. Амралтаар ирэх үедээ сэтгэл санаа маань маш тогтворгүй, юу хийх учраа олдоггүй байсан. Тиймээс их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэж, найз нөхөдтэйгээ хамт цагийг өнгөрөөж аль болох өөрийгөө завгүй байлгахыг хичээдэг болсон. Ганц бие болохоор надад боль, байг гэж хэн ч хэлдэггүй. Хэлсэн нэгэнд нь би өөрийн амьдралаа мэднэ гэх байдлаар шууд үгүйсгэдэг байв. Олон найз нөхөдтэй юм шиг боловч нэг л намайг ойлгох, сэтгэлээ хуваалцах хүнгүй мэдрэмж, ганцаардах байдал байнга л төрдөг байсан. Гол нь би хэнд ч өөрийгөө зөвөөр нээлттэй илэрхийлж чаддаггүйд учир байсныг огт мэддэггүй байж. Өөрийнхөө юу мэдэрч байгааг ч ойлгож ухаардаггүй, түүндээ тохирох арга хэмжээг авч чаддаггүй болохоор сэтгэл санааны хувьд асар тогтворгүй, сэтгэл гутрах үе маш олон, хааяа амиа хорлох талаар ч боддог байв.


-Яагаад сэтгэл гутралд орсон бэ. Том шалтгаан хэрэгтэй шүү дээ?

-Энэ байдал маань гэнэт гараад ирсэн юм биш л дээ. Багадаа ахдаа байнга харгисаар зодуулдаг байсан минь сэтгэлийн шарх болж үлдсэн. Аав маань дэргэд хэзээ ч байгаагүйгээс гадна ээж маань архины маш их хамааралтай, сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй хүн байв. Бүр бага байхад манайх их дажгүй айл байсан боловч амьдрал маань байнга уруудсаар байсан санагддаг. Тиймээс би өнгөрсөн амьдралдаа байнга харамсаж, бүх хүмүүст гомдоллож, энэ хорвоо тэр чигээрээ шударга бусыг гайхдаг байлаа. Би байнга л хариулт хайж, хэн нэгнээс хайр халамжийг хүлээж, юм болгоноос хариулт авахыг хүсдэг болчихсон байж билээ. Гэвч хэн ч надад ямар ч хариулт өгөөгүй, тэр бүү хэл бүгд тохуурхаж, гадуурхаж, боломж гарвал дээрэлхдэг байсан.


Би дунд сургууль, их сургуулиа төгсөөд ажилд орж өөрийнхөөрөө амьдралаа эхлүүлнэ гэж боддог байсан ч тэгээд ч нэмэр болоогүй. Орчин, уулзах хүмүүс өөрчлөгдсөн ч би ганцаараа л байсан. Гол нь энэ бүх хугацаанд надад ментор буюу халамжлан хүмүүжүүлэгч, тайлбарлаж зөвлөх хүн байгаагүйгээс нэлээд шалтгаалдаг байсан гэж боддог. Гэхдээ би бууж өгөхийг хүсээгүй. Ажиллаж хөдөлмөрлөсөөр өөрийн орон гэртэй, машинтай болж, бүр хадгаламжтай болсон. Амьдрал дунд минь ганц болж бүтэж байгаа юм нь дөнгөж 30 наснаасаа эхэлж санхүүдээ их анхаарах болсон доо.



-Санхүүдээ анхаардаг болсон гэдэг сайн тал шүү дээ. Магадгүй байнгын сэтгэл гутрал, ганцаардлаас ангижрах нэг шалтгаан ч болсон байж мэднэ...?

-Тийм ээ. Ингээд ядаж мөнгө олоод ч болов урагшилъя гэдэг бодолтой маш завгүй амьдралын хэвшилтэй болсон. Гэвч дунд нь архи дарс хэтрүүлж уусан хэвээрээ. Маш олон хоног дамнуулж уудаг болсон бөгөөд тэр болгондоо өөрийгөө харааж, стресстэж, бүх юм болохгүй байгаа мэдрэмж улам нэмэгдсээр байсан. Гэтэл гэнэт нэг өдөр авто осолд орлоо.

Зам дээр зүв зүгээр явж байснаа л санадаг. Нэг сэртэл толгой боолттой, маш их өвдөж байсан. Юу болов гэж бодсоор яг л осолд орж гэдгээ мэдсэн. Яагаад заавал би гэж, яагаад надад энэ бүхэн тохиолдох ёстой гэж, надад тохиолдсон бүхэн хангалтгүй байсан гэж үү гэдэг бодол дундаа багтарч байлаа.


-Сэтгэл гутрал, багын сэтгэлийн шарх үргэлжилсээр л байжээ. Гэхдээ та ярилцлагын эхэнд осолд орсноос хойш өөрийгөө эргэж харсан гэж байсан даа?

-Өвчин шаналал хүнд байсан ч эдгэрэх боломжтой гэмтэл байсан тул хэсэг хугацааны дараа гайгүй болж гэртээ гарлаа. Эмнэлэгт байхад, гэртээ ирсэн хойно ч зарим нэг найз нөхөд маань эргэж ирж байсан. Гэхдээ миний хамгийн дотнын найзууд гэж боддог байсан 20 орчим хүнээс хоёр, гурав нь ирсэн. Бусад нь утсаар ч болов биеийг минь асуугаагүй.


Бөөндөө мөнгө цуглуулж явуулснаас бусдаар анхаараагүй. Энэ нь маш хүнд байлаа. Мөн эхний хэдэн сар ээж маань дэргэд асарсан нь бас хэцүү байсан. Учир нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй 2 хүн хамт байх нь байнга асуудал дагуулдаг юм билээ. Гаднаасаа харахад ээж хүү 2 энгийн мэт боловч хэн нь ч хэндээ ч сэтгэлээ нээж ярилцаж чадахгүй. Осолд орсноос хойш нэг бол гэртээ нэг бол эмнэлэгт хэд хэдэн хагалгаа дамжсан.


Өмнө нь би гэртээ зүгээр унтаж чаддаггүй, ганцаараа байх хамгийн дургүй, гараад л хэнтэй ч хамаагүй уулзаж шоуддаг байсан бол одоо ядаж гэртээ байж сурлаа. Осолд орсноос хойш 8-9 сарын хугацаанд сэтгэл санаа амарч, өмнө хэзээ ч байгаагүйгээр өөрийгөө асарч төлөвшүүлж чадсан шүү. Ганцаараа байх цаг хугацаа хүнийг сэтгэл зүйн хувьд илүү хүчирхэгжүүлдэг юм байна гэж бодсон. Өмнөх ганцаардах, хямрах байдал арай багассан ч байсаар л байв. Эмч нар намайг архи, тамхи 6 сарын турш хэрэглэж болохгүй гэсэн боловч би бүтэн жил архи уухгүй, тамхинаас бүрмөсөн гарахаар өөртөө амлаад байсан юм. Тиймээс бие хэвийн болсон ч хэтрүүлж ууж идэх нь ямар ч хэрэгцээгүй, асуудлаас хөндийрөх гэсэн түр зуурын арга болохыг олж харсан. Буцаад нийгэмших нь хэцүү санагдахаас гадна бие эдгэрч гайгүй болох тусам буцаад яг өмнөх амьдрал руугаа орчих юм шиг санагдаж айдас төрүүлж байлаа.


-Сэтгэлийн хямралаас гарахын тулд ямар нэгэн алхам хийж үзсэн үү?

-Тэгээд л би сэтгэл зүйчид хандсан юм. Сэтгэл зүйчтэй уулзахад эхлээд хамаг амьдралыг минь яриулж миний дургүй дурсамжуудыг сэдрээх нь хэцүү байсан ч гэсэн би насаараа хайж явсан хариултаа тэндээс л олох юм шиг санагдаж явсаар л байсан. Эхний хэдхэн удаагийн уулзалтын дараа үр дүн мэдрэгдэж, нэлээд зүйлийг ойлгож мэдэж авсан шүү. Хайж явсан хариултууд маань ч олдсон.


-Танд ямар хариулт хэрэгтэй байсан бэ. Нууц биш бол хэлж болох уу. Яг л тань шиг ганцаардаж, гутарч байсан хүмүүст сэдэл өгөх байх л даа?

-Хүн өөрийн сэтгэл зүйгээ тогтвортой байлгах нь ямар их хэрэгтэй, үүнийг яаж хадгалах ёстой, өөрийнхөө мэдрэмжийг яаж таних, өөрийгөө яаж илэрхийлэх гэх зэргийг мэдэж аваад би мэл гайхсан. Байнга л бүх юм болохгүй байгаа мэт санагдаж, хорвоо надад л хатуу хандаад байдаг мэт гомдол цөхрөл маань миний амьдралын буруу хэвшил, архи хэтрүүлэн хэрэглэх, бие махбодоо амраахгүйгээр завгүй байлгасан зэргээс маань шалтгаалж байсныг олж мэдсэн. Үүнээс гадна өөрт хэрэг болох дасгалтай, баримталдаг зарчимтай болж авсан. Бүх юм нүд ирмэхийн төдий өөрчлөгдөх шиг хурдан бас амархан байгаагүй ч зөв замдаа орсон гэж бодож байгаа.

Одоо ингээд харахад миний үеийн залуучууд надтай мөн адил маш их асуудалтай байгаа нь мэдрэгддэг. Жишээ нь, манай нэг найз эхнэр хүүхэдтэй боловч тэр хүмүүс нь байхгүй үед хэзээ ч ганцаараа байж чаддаггүй. Шууд гараад л хэнтэй ч хамаагүй шоуддаг талаараа хэлж байсан. Яг л над шиг.


-Энэ түүхээсээ та ямар сургамжийг авсан бэ?

-Ослоос хойш миний найз нөхөд, ажил хөдөлмөр, хувийн амьдрал, мөнгө гэх мэт амьдралын ихэнх томхон зүйлсийн талаарх харах өнцөг минь бүрэн өөрчлөгдсөн. Өөрийгөө стресстүүлэхгүй, хямраахгүйн тулд завгүй байлгах гэж хичээдэг байсан хуучин амьдралд минь яг хэрэгтэй завсарлагааг өгсөн мэт санагддаг. Өмнө нь дандаа бусад хүмүүсийг түрүүлж буруутгадаг байсан бол одоо над дээр ирээгүй өмнөх найзуудаа ч ойлгож байна. Тийм тогтворгүй хүнтэй хамт байхад ч хэцүү байсан байх л даа. Маш олон залуус ийм энгийн зүйлийг ойлгохгүй. Гол нь хаанаас хариулт хайхаа мэдэхгүй бүдчиж яваа гэдгийг мэдэж байгаа тул өөрийн түүхийг ярилаа. Нэг ч болов хүнд тус болоосой гэж хүсэж байна.


2,254 views0 comments
bottom of page