top of page

ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЗОРИЛГО ДУУСДАГ 8 ҮЙЛ ЯВДАЛ

Амьдралын зорилго бидэнд өдөр тутмын үйлдлээ зөв байлгах, амьдралдаа сэтгэл ханамжтай байх үндсэн хэрэгцэг хангадаг. Зорилготой хүн бусадтай дасан зохицох чадвартай, өөртөө итгэх итгэлтэй, давуу болон сул талаа ялган харах чадвартай, бусдаас ирж буй зөвлөгөөг өөртөө зөвөөр тусгах зэрэг олон чадвараа ашиглаж чаддаг. Зорилгогүй хүн гэж байдаггүй, харин зорилго нь дууссан хүн гэж байдаг.

Зорилго нь дууссан үед юу болдог вэ?

Энэ үед хүн сэтгэл гутралд орох эрсдэлтэй. Сэтгэл гутралд орсон эсэхэээ дараах шинж тэмдгээр таньж мэдэж болно.

  • Ирээдүйн итгэл байхгүй байх, аливааг сөргөөр харах

  • Хянаж чадахгүй уур бухимдал

  • Хэнд ч хэрэггүй хүн мэт санагдах, хэн ч туслахгүй мэт санагдах

  • Эрч хүчгүй болох, биеийн өвчлөл, зовиуртай байх

  • Анхаарал төвлөрөлт, ой тогтоол, шийдвэр гаргалт сулрах

  • Унтаж амрах, өглөө босоход хүндрэлтэй байх. Өнгөрсөн хугацаанд та хэрвээ дээрх мэдрэмжүүдийг 3 сараас хугацаанд мэдэрч байсан бол сэтгэл гутралд орж байсныг илтгэх талтай.

Монгол эрэгтэй хүний сэтгэл гутралын шалтгаан болох эрсдэлтэй 8 үйл явдлыг танилцуулъя. Хүн амьдралынхаа турш 5-7 удаа сэтгэл гутралд орох талтай. Ихэнх хүмүүс сэтгэл санааны байдалд хэрхэн анхаарал хандуулахаа мэддэггүйгээс үүдэн анзаараагүй өнгөрөөсан байх талтай. Сэтгэл гутрал нь өмнө нь гаргадаг байсан хичээл зүтгэл гарахаа болих, хичээл зүтгэлийн хариу ирэхгүй байгаа мэт мэдрэмж төрдөг.

  • Эхнэрээ олох

Эрэгтэй хүмүүсийн хувьд энэ амьдралыг хамтдаа туулах хань, өөрт нь итгэх найз, хайрын эзнээ олно гэдэг нь сэтгэлийн ханамж бий болгох өөр нэгэн харилцааг хайж эрэлхийлэх үйл явц дууссаныг илтгэдэг. Үүнээс хойш гэр бүлийн хүнийхээ сэтгэлийг татах хичээл зүтгэл багасдаг. Гэр бүлээ тэтгэх, санхүүгийн тогтвортой байдалд нь анхаарал хандуулах зорилго эхэлдэг. Үр дүнд нь хосын харилцааны асуудлууд эхэлдэг талтай.

  • Байр худалдаж авах

Шинэ гэр барих, шинэ байранд орох нь Монгол соёлын хувьд гэр бүл болсныг илтгэх гэр бүл батлалтаас илүү ач холбогдолтой үйл явдал болдог. Өөрсдийн байрыг авах санхүүгийн болон бие даасан байдалтай болтлоо аль нэгнийхээ гэр бүлтэй хамт амьдрах нь олон хосуудын туулдаг замнал. Энэ явцдаа хосууд тусдаа гарснаараа хийх олон зүйлийн талаар төсөөлөн боддог. Эрэгтэй хүмүүс ихэвчлэн тусдаа гартлаа санхүүгийн хувьд сахилга баттай, ёс зүйн хэм хэмжээний хувьд сахилга баттай, хүүхдийн хүмүүжлийн хувьд сахилга баттай, найз нөхөдтэйгээ харилцах харилцааны хувьд сахилга баттай байж байгаад зорилго нь биелэсний дараа эдгээр хэм хэмжээнд өөрчлөлт орох тал бий.

  • Тогтвортой орлоготой болох

Нийгэмд үнэлэгдэх үнэлгээний хувьд тогтвортой орлоготой байх нь урт хугацааны төлөвлөгөө гаргах боломжийг бий болгоходог. Мөн өдөр тутмын асуудлуудыг шийдвэрлэхэд санхүүгийн тогтвортой байдал чухал байдаг. Гэр бүлийн харилцааны өдөр тутмын асуудлыг шийдвэрлэдэх боломжтой болсноор зорилго дуусч сурч боловсрох, бусдад туслах, харилцааны хувьд өөрийгөө илүүд үзэх байдлууд бий болох боломжтой.

  • Үеийн найзуудаас нас барах

Эрэгтэй хүмүүс бага наснаасаа эрэгтэй хүн залуугаараа энэ хорвоог орхихыг сонссон, мэдэрсэн байдаг. Энэ нь эрэгтэй хүн урт насалдаггүй юм байна гэдэг суурь итгэл үнэмшлийг бий болгосон байх талтай. Эрэгтэй хүний нас баралт эмэгтэй хүнтэй харьцууулахад эрт эхэлдэг. 20 насандаа үеийн эрэгтэй хүнээс нас барсныг олж мэдэх, 30 насандаа үеийн найз нөхдөөсөө алдах, 40 насандаа дотно найз нөхдөө алдах, 50 насандаа үеийн хүмүүсээс хэд хэдээр нь алдах, 60 насандаа дотны найзгүй болсон байх, 70 хүрээд өөрийн үеийн хүмүүс цөөнийг мэддэг байх, 80 насандаа үеийн хүмүүсийг бараг танихгүй байх тохиолдол эрэгтэй хүмүүст тулгардаг. Иймээс өөрийгөө урт насална гэж итгэх, өөртөө өндөр шаардлага хүлээлт тавих нь багасдаг.

  • Гэр бүл салах

Эмэгтэй хүнтэй харьцуулахад эрэгтэй хүн хүүхэд тээж төрүүлэх боломжгүй тул эх-хүүхдийн хооронд бий болдог “нөхцөлгүй хайр”-ыг мэдрэх биологийн өгөгдөл бага байдаг. Үүний үр дүнд гэр бүл салахад өөрийн амьдралын цаг хугацаа, хичээл зүтгэлийг зориулсан бүх зүйлийг алдах эрсдэлд ордог. Зөвлөгөөний явцад анзаарагддаг зүйл нь эрэгтэй хүн гэр бүл салалтын талаарх эрсдлийн талаар бодож үзээгүй байх, эрсдэл үүснэ гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байх талтай.

  • Архины хэрэглээг хянаж чадахгүй байх

Эрэгтэй хүмүүсийн архины хэрэглээ нь хамтын боловч архины хэрэглээг хянах зорилго нь зөвхөн хувь хүнийх байдаг. Найз нөхдөөрөө, хамт олноороо архины хэрэглээг хянах, тохируулан хэрэглэх зорилго тавиагүй үед өөртөө тавьсан архины хэрэглээний зорилго нь биелэхгүй байх талтай. Эрэгтэй хүмүүс олуулаа өртдөг боловч ганцаараа шаналдаг асуудал нь архины хэтрүүлсэн хэрэглээ байдаг. Хэдийгээр өөрт нь архийг тохирууулан хэрэглэх нь хийж болохоор зүйл санагдах боловч, хэтрүүлсэн хэрэглээнээс гарах сөрөг үр дүнг зогсоож чадахгүй хянаж чадахгүй үед өөртөө итгэх зорилго нь дуусдаг.

  • Ужиг өвчтэй болох

Урт наслах үйл хэрэгт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл нь өөрийн бие физиологийн эрүүл байдал юм. 40 хүрэхдээ эрүүл мэндийн хувьд аль нэг эрхтэн нь өвчлөлтэй болсон байх 50 насандаа ужиг өвчлөлтэй болсон байх зэрэг нь урт наслах төлөөлөлд саад бэрхшээл үүсгэдэг. Бие физиологийн өвчлөлтэй хүмүүс биеэ эрүүл болгох гэдэг үндсэн зорилготой болдог. Гэтэл нэгэнт өвчилсөн эд эрхтэн буцаад эрүүл болоход тууштай байдал, хатуужил, итгэл үнэмшил хэрэгтэй. Өөрийгөө өвчтэй байна гэдэг бодол хүнд байгаа өөр олон төрлийн төсөөлөл төлөвлөгөө нь зогсох талтай.

  • Өөрт нь итгэж дэмжих хүнгүй үед

Зөвлөгөөний үйлчилгээ авдаг нийт хүмүүсийн 30% нь эрэгтэй хүмүүс байдаг. Үүнээс дүгнээд эрэгтэй хүмүүс өөртөө дэмжлэг авах, бусдаас тусламж хүсэхдээ эмэгтэй хүмүүсээс бага байдаг гэж хэлж болох юм. Өөрийгөө нээж ярих, дотроо төрж буй олон төрлийн бодлуудыг эмхэлж цэгцлэх, урт хугацааны амьдралд бусдын тусламжийг хэрэгтэй үед авах зэрэг нь эрэгтэй хүний сэтгэл санааны тогтвортой байдлыг бүрдүүлдэг.


Зорилго дууссан үед “Дараагийн зорилго” бэлэн байхгүй үед сэтгэл гутралд орох эрсдэлтэй. Хүн өөрийн зорилго нь дуусч байгааг анзаардаггүй. Хэрвээ танд сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байвал өөртөө туслах сонголтыг хийгээрэй. Мөн өнгөрсөнд танд дээрх үеүдэд сэтгэл гутралд орж байсан бол өөрт байгаа туршлагыг санаад ирээдүйд тулгарах асуудлыг шийдэх арга замууд танд үүссэн байгаа гэдэгт итгэлтэй байж болно.

Нийтлэлийг бичсэн:

Сэтгэл судлаач, Ц. Дэлгэрмэнд

“Эрчүүдээ, 80 насалъя!” аян

215 views0 comments

Comments


bottom of page