“Нөхөртөө хэрхэн туслах вэ?” гэдэг асуулт зөвлөгөөний өрөөнд хамгийн их асуудаг асуултуудын нэг юм. Хэрвээ та нөхөртөө, найз залуудаа тусламж хэрэгтэй байгааг анзаарсан ч хэрхэн туслахаа мэдэхгүй байгаа бол дараах зөвлөмжийг хүргэе.
Та нөхрийнхөө давуу талд анхаарал хандуулаарай.
30 жилийн турш хосуудыг судалсан сэтгэл судлаач Готтман нь гэр бүл салахад нөлөөлдөг томоохон шалтгаан нь олон жилийн турш хосууд нэг нэгнийхээ зөвхөн сул талыг л олж харж, ач холбогдол өгсөн байдгийг анхааруулдаг. Хэрвээ та нөхрийнхөө давуу талыг анзараахаа больсон бол анх сэтгэл татсан, таны талархаж явдаг, танд тус болдог давуу талыг нь үргэлж анзаарч, давуу талаа ашиглах боломж гаргаж өгч болох юм.
Ингэснээр таны нөхөр өөрийнхөө үнэ цэнэ, өөртөө итгэх байдлыг хадгалах боломжтой.
2. Нөхөрт тань өөрийгөө илэрхийлэх ур чадвар байдаг гэдэгт итгэх
Хүн бүрт бодол байдаг, хүн бүрт мэдрэмж төрдөг, хүн бүрт шийдвэр гаргах чадвар байдаг. “Манай нөхөр юу ч ярьдаггүй” гэдэг хандлага нь хэсэг хугацааны чимээгүй байдлыг тэвчээртэй өнгөрөөж чаддаггүй эмэгтэйчүүдэд ажиглагддаг. Юм асуухаар хариулдаггүй, ярилцлах цаг гаргая гэхээр хойшлуулдаг эрэгтэйчүүдийн хувьд өөрөө яримаар байгаа үедээ илүү итгэлтэй, илүү нээлттэй ярих боломжтой байдаг. Тиймээс та тэвчээртэй хүлээх, асуулт бүрт хариулт байх хэрэгтэй биш гэдгийг хүлээн зөвшөөрөх, хүн бүрт бодсон бодол байдаг гэдэгт итгэх, хэрвээ та ганцаараа яриад ярилцлагыг дуусгасан бол энэ нь таны нөхөр таны сонсож хичээл зүтгэл гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Хэрвээ та нөхрийнхөө юу бодож явдгийг нь мэдэхийг хүсвэл өөрөө ярьж эхлэх үед нь яриаг нь зогсоолгүй үргэлжлүүлэн асуулт асууж болох юм. Хамгийн гол нь та ярьсан зүйлийг нь шүүмжлэх, шоолох, доош нь хийх, ирээдүйд нь өөрийнх нь эсрэг ашиглах нь таны нөхрийг улам дуугүй болгох шалтгаан болдгийг санаарай.
3. Хосын харилцаагаа гүнзгийрүүлэх шинэ үг хэллэгийг хэлж хэвшиж болно
“Чи намайг ойлгодоггүй” гэсэн шүүмжлэлийн оронд “Надад хэцүү байгаа зүйл бол…” гэсэн тайлбарыг хэлж сурах. Энэ нь таны сэтгэл санааны байдал, таны гаргаж буй хариу үйлдэл, таны дуртай болон дургүй нөхцөл байдлын талаар ойлгоход илүү дөхөмж болдог. Өөрийнхөө бодсон зүйлийг санаа зоволгүй хэлж сурах нь хосын харилцаанд байгаа хүн бүрийн сурах хэрэгтэй ур чадвар болдог.
“Наадах чинь чиний асуудал” гэж үүргүүдээ хооронд нь ялгахын оронд “Би чамайг ойлгож чадна” гэдэг баталгааг хэлж сураарай. Хэдийгээр та хамтрагчийнхаа үзэл бодолтой санал нийлэхгүй байсан ч ойлгохыг хичээж буйгаа тэдэнд ойлгуулах нь илүү ач холбогдолтой. Бид үргэлж санал нийлэх зорилготой биш ч хамтрагчаа аль болох сайн ойлгохыг хичээх нь хамгийн чухал бөгөөд ингэснээр та харилцан дэмжлэгийг мэдрэх болно.
“Чиний хэрэг гэж алга” гэж бухимдахын оронд “Чи бол надад хамгийн чухал хүн” гэдгийг сануулан хэлэх хэрэгтэй. Хүн бүр байгаа орчиндоо хэрэгтэй хүн байхыг хүсдэг. Хамгийн хэрэггүй хүн гэдгийг байнга сонсох нь өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. Өөрийг нь ойлгох хүнийг олно гэдэг хүний туйлын хүсэл билээ.
“Учир нь олдохгүй болчих юм” гэж буруушаахын оронд “Чамд хэрэгтэй зүйл байна уу?” гэж асуулт асууж болно. Ихэнх хүмүүс уурлаж байгаа шалтгаанаа бүрэн ухаж ойлгоогүй байх тал бий. Та нөхрөөсөө хэрэгтэй зүйлийг нь асууснаар таны нөхөр юунд бухимдаж байгаагаа, мөн асуудлаа шийдэхэд бусдаас ямар тусламж хүсч байгаагаа ойлгох боломж гарна. Таниас мөн тусламж хүсч байвал, цаг гарган түүнийг нь хийж өгч баярлуулж яагаад болохгүй гэж.
4. Амар тайван болгодог үйлдлийг нь мэдэж авах
Таныг юу амар тайван байлгадаг вэ? Шөнийн бүтэн нойр, тав тухтай гэр орон, нөхөрсөг хамт олон, хүүхдийн хичээлийн хоцрогдолгүй байдал, хүмүүстэй харилцах харилцаа эсвэл ганцаараа байх орон зай. Хүн бүрт өөрийг нь амар тайван болгодог зүйл байдаг. Та нөхрийнхөө амар тайван болгодог зүйлийг олж мэдээд, түүнийг нь бий болгоход тусалж болох юм. Хүн амар тайван байгаа газраа сэтгэл ханамжтай байдаг. Нэг нэгэндээ амар тайван мэдрэмжийг өгөх нь нэг нэгэндээ өгөх хамгийн том бэлэг юм.
5. Нөхрийнхөө үгэнд орох
Хүмүүс нэг нэгэндээ зөвлөгөө өгөхдөө өөрийнхөө амьдралын сайн туршлагаас үндэслэж зөвлөдөг. Таны нөхөр танд зөвлөгөө өгч байгаа бол өөрийнхөө амьдралд тохиолдсон сайн туршлагаас хуваалцаж байгааг илтгэнэ. Тиймээс хайртай хүндээ итгэдэг гэдгээ харуулахын тулд танд өгсөн зөвлөгөөг нь хийж, хэрэгжүүлж болох юм. Ач холбогдол өгч хэлсэн зөвлөгөөг нь дагахгүй байгааг харахаар “үл тоогдсон“ мэдрэмж авдаг. Урт хугацаанд таны амьдралын нэг хэсэг болгох амлалт өгөх хэрэггүй ч, та эхлээд өгсөн зөвлөгөөг нь туршиж үзэхэд буруудахгүй.
6. Заримдаа таны нөхөрт ганцаараа байх орон зай, цаг хугацаа хэрэгтэй болно
Хүн бүрт өөртэйгээ хамт байх хэрэгцээ бий. Мөн шаардлага бий. Өөртэйгээ хамт байх үед хүн өөрийнхөө асуудлыг хүлээн зөвшөөрөх, болж өнгөрсөн бүтэлгүйтлээсээ гарах арга замаа хайх, өнгөрсөнд анзаарч бодоогүй зүйлсийг дахин тунгаах, урьд өмнө нь өөрт байсан давуу талуудаа эргэн санах боломж бүрддэг. Хүмүүсээс тусдаа байж, тэдэнд тохируулан өөрийгөө өөрчлөхгүй байх нь өөрийнхөөрөө байх үндэс суурь билээ.
7. Аав байх үйлдэл, хандлагыг нь шүүмжлэхгүй, зааж сургахгүй байх
Эрэгтэй хүн хүүхэд төрүүлдэг байсан бол таны хүүхдийнхээ төлөө гэсэн хязгааргүй их хайрыг эрэгтэй хүн бүр ойлгох боломжтой болох байсан. Энэ байдал нь биологийн хувьд боломжгүй учраас өөрөөсөө ундрах их хайрыг нөхөртөө байхгүй байгааг буруутгах, үүгээр дамжуулан муу хүн болгох гэж оролдох хэрэггүй. Үүний оронд аав байх орон зай, аавын дүрэм гаргах боломж, хүүхдүүдийнхээ сэтгэл хөдлөлд оролцоотой байх чадварт суралцах байгаа үйл явцыг нь дэмжин, туршлагаа харилцах хуваалцаж болох юм.
8. Гэртээ байхдаа олны дунд байгаа мэтээр нөхөртэйгээ харилцах
Олон нийтийн дунд байхдаа гаргахгүй зан араншингаа бид гэр орондоо гаргадаг байх талтай. Энэхүү зан аашийг “дураар” нь тавьж буй шалтгаан нь бусад хүмүүс харахгүй учраас эсвэл энэ хүн буруугаа ойлгохгүй байгаа учраас гэж өөрийгөө зөвтгөх тал ажиглагддаг. Хэрвээ та олон нийтийн дунд гаргахгүй үйлдлээ хоёулхнаа байхдаа гаргадаг бол та түр завсарлага аваад өөрийгөө “Олны дунд байсан бол нөхөртэйгээ яаж харилцах байсан бэ” гэж бодон харилцаад үзээрэй.
Гэр бүл болсон ч хүн бүрийн сэтгэлийн хөдөлгөөн, хүсэл мөрөөдөл, өдөр тутмын үйлдэл тусдаа байдаг гэдгийг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Хэрвээ та өөрийнхөө амьдралд сэтгэл ханамжгүй байгаа бол нөхрийгөө үүнд буруутгалгүй, өөрийнхөө амьдралд дутагдаж байгаа зүйлийг өөрөөсөө олж аваарай. Ихэнхдээ бид амьдралдаа хийнэ гэж бодож байсан өөрт үнэтэй зүйлдээ цаг гаргахгүй, хийж амжихгүй, хойшлуулаад, айдас ихтэй байгаа үедээ хажууд байгаа хүнээ буруутгах тал гардаг. Иймээс “Та амьдралдаа юу байлгахыг хүссэн бэ?” гэдэг асуултыг эхнэрүүдэд үлдээе. Мөн дээрх зөвлөмжүүдээс өөрийнхөө амьдралд оруулахыг хүсч байна.
(Эрэгтэй хүнд асуудал тулгардаг, мөн эрэгтэй хүн бүх л төрлийн мэдрэмжийг мэдэрдэг гэдгийг санах хэрэгтэй. Эрэгтэй хүний зорилго дуусахад хүргэдэг 8 үйл явдал нийтлэлийг уншаарай.)
Нийтлэлийг бичсэн:
Сэтгэл судлаач, Ц. Дэлгэрмэнд
“Эрчүүдээ, 80 насалъя!” төсөөлөл үүсгэх аян
Comments