top of page

80 НАСЛАХ ТӨСӨӨЛӨЛ 40 НАСАНД ЭРҮҮЛ БАЙХААС ЭХЭЛДЭГ


“80 насалъя” аяны намрын зорилго бол урт наслах төсөөлөл үүсгэх юм. Ирээдүйн бодит амьдралд хамгийн ойрын зүйл нь төсөөлөл. Вебстерийн толь номонд төсөөлөл гэдгийг “Одоо цагт байхгүй эсвэл өөрөө шууд туулж өнгөрүүлээгүй оюун бодлын зураглалууд үүсгэх үйлдэл. Төсөөлөл бол алсын хараатай, шинэлэг бодлуудыг бий болгох тархины суурь үйл ажиллагаа юм” гэжээ.

1992 онд Монгол эрэгтэй хүний дундаж нас 60.71 байжээ. 2020 онд дундаж наслалт нь 66.71 болжээ. Харин энэ хугацаанд эмэгтэй хүний дундаж наслалтаа 64.9 байсныг 76.22 болгож чаджээ. 28 жилийн хугацаанд 4 насны зөрүүтэй байсан эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн насны зөрүүтэй байсан дундаж наслалт 10 жил болон ялгаа нь нэмэгдсэн байна. Эмэгтэй хүмүүсийн нэмэгдүүлж чадсан дундаж наслалтыг эрэгтэй хүмүүс ч гэсэн нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

40 хүртлээ эрүүл байх, 80 хүртлээ урт наслахад тань танд хэрэгтэй 4 үйлдлийг танилцуулъя:


1.Өөрийн биеийг хайрлах. Дэлхийн хамгийн өндөр настай хөрөнгө оруулагчдын нэг Варрен Баффет их сургуулиа төгсөж буй залуучуудад нэгэн санал тавьжээ. “Хүсэл биелүүлэгч бирдтэй та уулзлаа гэж төсөөлье. Бирд та нарт өөрийн мөрөөдлийн машинаа сонгоод ав гэдэг санал тавих болно. Та нар хүссэн ямар ч машинаа сонгож болно, маргааш гэхэд л танай гэрийн гадаа машин тань зогсож байх юм. Гэхдээ ганцхан болзолтой. Та насан туршдаа зөвхөн энэ машинаа л барих юм .”

“Энэ болзлыг хүлээж аваад, та машинаа хэрхэн унах вэ? Та бүхэн магадгүй машины зааварчилгааг 4 дахин лавлаж унших байх, гаражиндаа байнга байлгах байх, зэвэрсэн эд зүйлсийг дор бүр нь засварлах байх. Машинд нь тавигдсан болзол бол таны өөрийн бие, сэтгэлд тань тавигддаг болзол юм. Тиймээс насан туршдаа унах машинаа хэрхэн хайрлаж хамгаалах байсан, тэр байдлаар өөрийн бие сэтгэлийг хамгаалж байгаарай” гэжээ.


2. Өөртөө “эхлээд” туслах. Монгол эрэгтэй хүмүүст түгээмэл ажиглагддаг зан чанар нь “БУСДАД ТУСЛАХ”. Бусдад туслах нь олон нийтийн дунд нэр хүндтэй байх, бусдаас таатай мэдрэмж авах, гэр бүлийн нэрийг гаргах, бусдад хэрэгтэй хүн байх зэрэг олон эерэг мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ нөгөө талдаа өөртөө гаргах цагггүй байх, өөртөө тохирсон санхүүгийн зөв шийдвэр гаргахгүй байх, өөрийн хоолны соёлыг бий болгохгүй байх, өөрийн амьдралд хэрэгтэй хосын харилцаанд суралцахгүй байх болон хүүхдийнхээ амьдралд оролцоогүй байх зэрэг сул талуудтай байдаг.

Бусдад туслах ажлын араас гарч ирэхгүй байвал өөрийн цаг завтай цаг хугацааг хэнд зориулж, хэнд тусалж өнгөрөөж байгаагаа анзаараарай. Хийсэн гэдгийг нь хүмүүс үнэлдэггүй, хүч шаардсан, цаг шаардсан, санхүүгийн тусламж шаардсан, хань шаардсан ажлуудад ихэнх цагаа тус болгон зарцуулдаг бол өөртөө гаргах цагтай болж, өөртөө туслах нь чухал.

3. Сэтгэл санаандаа анхаарал хандуулах. Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй адилхан л гунигладаг, адилхан л сэтгэлээр унадаг, адилхан л баярлаж хөөрдөг, адилхан л бусдаас хайр хүсдэг, адилхан л өөртөө итгэлгүй болдог, адилхан л бусдын үйлдэлд гомддог. Тиймээс та өөрийн дотор мэдрэгдэж буй мэдрэмжүүдийг хянах, барих, зогсоох, өөрийгөө буруутгах гэж оролдохын оронд таньж мэд, ойртож сонс, өөртөө тайван байдлыг олго, өөрийгөө бусадтай харьцуулж биш өөртөө зориулж цэнэглэ. Та өөрийн сэтгэл санаанд анхаарал хандуулж сурсны дараа л бусдад анхаарал халамж тавих боломжтой болно.


4. Суралцахаа зогсоохгүй байх. Тархины үйл ажиллагааны хамгийн чухал ойлголт бол Нейропластисити (Neuroplasticity). Өөрийн хэрэгцээ, орчин нөхцөлдөө тохируулан тархи өөрийн бүтцээ өөрчлөх үйл явц юм. Тархи дасан зохицох, шинэ ур чадвар суралцах, дурсамж бүтээх болон мэдээлэл хадгалах зэрэг үйлдлээр нейропластисити бий болдог. Үргэлж өөрчлөгдөх боломжтой, ашиглагдахгүй хэсгүүдээ устгах чадвартай тархи хэмээх эрхтэн нь зөвхөн таныг л аз жаргалтай, сэтгэл ханамжтай амьдруулахын төлөө өдөр бүр хичээж ажилладаг. Тиймээс тархины суралцах, боловсрох ур чадварыг насан туршдаа ашиглах эсэх нь зөвхөн таны сонголт байдаг ба тархиндаа итгэвэл таны хүсэл бүхнийг тархи тань биелүүлж өгч чадах юм.

Нийтлэлийг бичсэн:

Сэтгэл судлаач, Ц. Дэлгэрмэнд

“Эрчүүдээ, 80 насалъя!” аян

90 views0 comments

Comments


bottom of page