Жил бүрийн 11 дүгээр сар бол дэлхий нийтээрээ эрчүүдийн эрүүл мэндийн төлөө кампанит ажил өрнүүлдэг сар юм. Учир нь эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс богино, нас баралт ч эмэгтэйчүүдээс өндөр хувьтай явж ирсэн. Манай улсын хувьд энэ сэдвийг сүүлийн жилүүдэд л ярьж эхлэсэн бөгөөд 2021 онд “Оюу толгой” ХХК “Гэр бүлийн коллеж”-той хамтран “80 насалъя” Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн кампанит ажил эхлүүлсэнээ энэ жил мөн үргэлжлүүлж байна. Дэлхийн аль өнцөгт эрчүүд урт насалдаг талаар сонирхъё.
НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан хамгийн сүүлийн үеийн /2020 оны байдлаар/ судалгаагаар дундаж наслалт хамгийн өндөр дэлхийн 15 улсыг жагсаасан байгаа юм. Тэр дундаас эрчүүдийн дундаж насжилт хамгийн өндөр улсуудаас танилцуулж байна. Тэнд яагаад эрчүүд урт насалсаар байна вэ.
Жагсаалтыг Хонконг улс тэргүүлжээ. Тус улсын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 88.1, харин эрэгтэйчүүдийн дундаж наслалт 82.3. Хэдийгээр эмэгтэйчүүдээс даруй 6 жилээр богино насалж байгаа ч дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм. Хонконг эрчүүд урт наслалтаараа тэргүүлсэн нууц бол ердөө тус улсын хөгжлийн хурдтай холбоотой. Хэдхэн тоо дурдахад, Хонконгийн ДНБ 1997 онд 1 их наяд 370 тэрбум хон.доллар байсан бол 2021 он гэхэд 2 ихн наяд 860 хон.долларт хүрч, олон улсын банк санхүүгийн төв, тээвэр зам харилцаагаараа Азийн бар орон болж чадсан байдаг. Ялангуяа эрүүл мэнд, биеийн тамир, спорт, соёлын хөгжил хурдацтай байсан нь хүн амынх нь амьдралын таатай нөхцөл бүрдэхэд гол нөлөө үзүүлжээ. Нөгөө талаар тус улс нь байгаль орчны бохирдол багатай улсуудын тоонд ордог. Хонконгчуудын хоолны орцонд далайн гаралтай бүтээгдэхүүн голчлон багтдаг учраас эрүүл мэндэд тустай гэж өөрсдөө үздэг ажээ.
НҮБ-ын Хүн амын сангаас нэрлэсэн дараагийн орон бол Япон. Япон улс нь 100 наслалтын орон гэдгээрээ алдаршсан. Гэвч эрчүүдийн насжилтаараа ийнхүү хоёрт жагсчээ. Япончуудын дундаж насжилт 85. Эрчүүдийнх нь 82. Япончууд ийнхүү өндөр насалдаг нууц нь эрүүл мэндийн дэвшилтэт систем, эрүүл хоол хүнс, амьдралын хэвшил, амьдрах орчин зэрэгтэй холбож тайлбарладаг. Ялангуяа эрүүл хоол хүнсний зөв хэрэглээ тус улсын брэнд төдийгүй хүн амынх нь эрүүл мэндийн нууц гэгддэг. 105 настай япон доктор Шигеаки Хинохарагийн нэгэн сонирхолтой зөвлөмж бий. Тэрээр “Би өглөөний цайндаа аяга кофе, аяга сүү, бага зэрэг оливийн тостой жүржийн шүүс уудаг. Оливийн тос артерийн судсыг хэвийн байлгаж, арьсыг эрүүл байлгадаг тустай. Өдрийн хоолондоо би аяга сүү, хэдэн жигнэмэгтэй иддэг. Хэрвээ ажил ихтэй байвал бүр юу ч иддэггүй. Үргэлж ажилдаа төвлөрч байдаг учраас өлсөж байсангүй. Оройн хоолондоо ногоо, бага зэрэг загас, будаатай иднэ. Долоо хоногтоо хоёр удаа 100 грамм мах иддэг” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, япончуудын хооллох хэв маяг цатгалан бус хагас өлсгөлөн байх нь хүний эрүүл мэндэд онцгой тусгай гэж үздэг.
Энэ жагсаалтын гуравдугаарт Макао улс нэрлэгдэж байна. Тус улсын дундаж наслалт 84.6 бөгөөд эрчүүдийнх нь дундаж наслалт 81.6 байдаг юм байна. Жижигхэн арал дээр маш шигүү байршсан макаочууд аялал жуулчлал, мөрийтэй тоглоомоороо дэлхийд танигдсан улс. Макаочуудын урт наслалтын нууц архи, будаа, хүнсний ногооноос татгалзсантай холбоотой гэж тайлбарладаг.
Швейцаричууд дэлхийн хүн амын өндөр насжилттай орнуудын дөрөвдүгээрт бичигджээ. Швейцаричуудын дундаж наслалт 84.2 бөгөөд эрчүүдийнх нь 81.3 юм байна. Дэлхийн диваажин хэмээн нэрлэгддэг тус улс Европын орнууд дундаа амьдралын хамгийн тааламжтай нөхцөлтэй. Ялангуяа иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд өндөр хөрөнгө оруулалт хийдэг нь швейцаричуудын амьдралын чанарт томоохон нөлөө үзүүлдэг гэж мэргэжилтнүүд дүгнэдэг ажээ.
"Өдрийн Сонин" сэтгүүлч Б. Энхзаяа
Comments