top of page

Ганцаараа бодохоос хоёулаа ярих нь тархины үйл ажиллагааг илүү дэмждэг.






Ярилцлага өрнүүлэх нь тархины үйл ажиллагааг хүчирхэгжүүлэх үндсэн үйл ажиллагаа юм.


Хүн бол нийгмийн амьтан. Нийгмийн нэг хэсэг байх үндсэн үйлдэл нь ярилцлага юм. Сэтгэл судлалын салбарт хүний “дангаараа” бодож буй тархины үйл ажиллагааг түлхүү судалдаг. Харин хоёр хүний хоорондын харилцан ярилцлага, хоорондын холбоо тархинд хэрхэн нөлөөлж байдгийг судалж эхэлж буй юм. Тэгвэл хоёр хүний харилцан ярилцлага тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг болохыг дэлхийн томоохон тархи судлалын судалгааны багийнхны олж тогтоосон дүгнэлтүүдийг товч танилцуулж байна.


  • Яг адилхан үүрэг даалгаврыг нэг хүн дангаараа гүйцэтгэх болон хүнтэй ярилцан хамтаараа гүйцэтгэх нь хоорондоо ялгаатай байдгийг дүгнэсэн байна. Yale Их сургуулийн профессор Жое Хирш хоёр хүний хоорондын ярилцлага өрнүүлж байхад бий болдог тархины үйл ажиллагааны онцлогийг судалдаг. Судалгааны лаборатори нь дараах хоёр дүгнэлтийг гаргасан байна. 1) Хүн хоорондын ярилцлага нь хүн ганцаараа байхад үүсэх боломжгүй мэдрэлийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. 2) Хоорондоо харилцах нь мэдрэлийн холбоонуудыг эрчимтэй холбодог байна. Хүн хоорондын ярилцлагад нүүрний илэрхийлэл, нүүрний хувирал, үйл хөдөлгөөн, нүдний хөдөлгөөн зэрэг онцгой оролцоотой байдаг учраас ярилцлага өрнүүлэх нь хүний тархины олон төрлийн үйл ажиллагааг идэвхжүүлж чаддаг байна.



  • Эрүүл мэндийн баталгаа болдог окситоксин гормон нь зөвхөн хүн хоорондын сэтгэлийн болон биеийн харилцан холбооноос ялгардаг. Rockefeller Их сургуулийн профессор Брюс Мкэвэн окситоксин гормоны олон төрлийн үүргийг дурдсан байна. Энэхүү гормон нь итгэл найдварыг бий болгон, стрессийг бууруулах үндсэн үйл ажиллагаатай, шинэ мэдрэлийн эсийг өсөн төлжихөд дэмжлэг үзүүлдэг бөгөөд урт хугацааны ой тогтоолтыг хамгаалах зэрэг олон төрлийн үүрэгтэй. Окситоксин нь бусадтай холбогдох, найз нөхдийн харилцааг бүрдүүлэхэд, хайр дурлалын мэдрэмжийг авахад үүсэж бий болдог ба найз нөхдийн хооронд мэндэлж гар барих, халуун дулаан тэврэлт, анхаарал тавьсан харц, сэтгэл дэмжин хажууд байх зэрэгт ялгарч байдаг.



  • Хоорондоо ойлголцож буй хоёр хүний тархинд синхрон нэгдэл явагддаг. Princeton Их сургуулийн профессор Стефен хоорондоо ойлголцож байгаа хүмүүсийн тархинд нэг нэгнийгээ ойлгох боломж бүрддэг ба нэг “нэгнийхээ нүдээр харах” боломж бүрддэгийг судалсан байна. Энэ нь үйл явдлыг технологийн хэлээр шинэ утас аваад өмнөх утсан дээр хадгалсан дугааруудыг шууд хуулах үйлдэлтэй төсөөлүүлж болно. Тархинд синхрон үйл ажиллагаа үүсэн үед ярилцлагын төгсгөлд ярилцсан хүмүүс аль аль нь сэтгэл ханамжтай, амжилттай ярилцлага болсон гэж дүгнэдэг. Харин хоорондоо ойлголцохгүй үед энэхүү синхрон үйл ажиллагаа өрнөдөггүй буюу ярилцлагын төгсгөл нь сэтгэл ханамжгүй мэдрэмжтэй дуусдаг байна.



  • Сэтгэцийн өвчлөлөөс сэргийлэхэд нийгмийн харилцаа хүчтэй нөлөөтэй. UCL их сургуулийн профессор Жэймс Крам нь сэтгэцийн эмчилгээнд хамрагдаж буй өвчтөний сэтгэл судлаачтай өрнүүлэх ярилцлага тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Ярилцлагын явцад асуудлыг тодорхойлох байдал, асуудлыг шийдвэрлэх байдал, өөрийгөө үнэлэх явц цаашлаад сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг багасгах зэргээр ярилцлага нь тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгааг тогтоосон байна. Үүнд сэтгэл судлаач нь тухайн хүнд туслах чин хүсэлтэй байвал үр дүнд илүү өндөр байдгийг мөн тодорхойлсон байна. Үүнээс харахад ярилцлага нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд шууд эергээр нөлөөлөх боломжтой байна.


“Ганцаараа” ажиллаж буй тархинаас нь хоёулаа ярилцаж буй тархи илүү их боломжийг бидэнд бүрдүүлдэг байна. Үргэлж өөртэйгөө ярилцан, өөрийн дотор бодлоо хураан, бусдаас өөрийн бодол санааг нуух зэрэг нь ярилцлагаас үүсэж гарах олон олон боломжуудыг мэдрэхгүй өнгөрөх эрсдэлтэй юм. Нийгмийн харилцаа нь бие физиологи болон тархины эрүүл энх, урт удаан амьдралын үндэс суурь нь юм. Нэг нэгнийхээ нүүрийг харж ярилцах, нүд рүү харах, хандаж суух, эерэг дэмжлэг үзүүлэх (толгой дохих), анхаарал хандуулах, ойлгож сонсох зэргээр хоорондын ярилцлагуудыг өрнүүлж өөрсдийн тархийг хүчирхэг хэвээр нь хадгалахад анхаараарай.



Сэтгэл судлаач Ц. Дэлгэрмэнд

212 views0 comments

Comentarios


bottom of page